МЭНДЧИЛГЭЭ
“Монголын Мэдээллийн Технологи-2023” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, эрдэмтэн судлаачид болон зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амрыг айлтган мэндчилье.
Монголын Мэдээллийн Технологийн Консорциум олон улсын жишгээр салбарын эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал, мэргэжлийн сэтгүүлтэй болохоор анхлан санаачилж байсан “Монголын Мэдээллийн Технологи” эрдэм шинжилгээний хурлыг 10 дахь жилээ Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль зохион байгуулж байна. Хурлыг хамтран зохион байгуулалцаж буй Монголын Мэдээллийн Технологийн Консорциум болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуульд талархал илэрхийлье.
Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаар хүмүүс төмөр зам, уурын машин, хоёр дахь аж үйлдвэрийн хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь аж үйлдвэрийн хувьсгалаар бий болсон тоон технологийн хөгжил, дэвшил нь өнөөгийн бидний амьдарч буй нийгмийг цогцлоосон билээ. Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлснийг батлах олон технологи, ололтууд бидний амьдралд аль хэдийн хүч түрэн орж иржээ. Энэхүү хувьсгалын хөтлөгч цөм технологийн нэг болох хиймэл оюуны салбар нь хувь хүн, нийгэм, улс төр болон бизнесийн салбарт хүчтэй нөлөөлж олон ажлын байрт хүнийг орлох хандлагатай байна.
Мэдээллийн технологи салбарын эрчимтэй хөгжил, технологийн хувьсгалын үед ээлжит Монголын Мэдээллийн Технологи-2023 хурлаа “Цахим шилжилт” сэдвээр зохиож илтгэл хэлэлцүүлж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн хурлаар “Цахим шилжилт”, “Холбоо, сүлжээ, мэдээллийн аюулгүй байдал”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, Мэдээллийн технологийн хэрэглээ”, “Хиймэл оюун ухаан” салбар хуралдаанаар эрдэм шинжилгээний өгүүллүүд хэлэлцүүлэхээс гадна “Блокчэйн, цахим шилжилт” сэдвээр сургалтын салбар хуралдаан зохион байгуулж байгаа нь шинэлэг юм. Хурлаар салбарын эрдэмтэн, профессор, багш, суралцагсад өөрсдийн судалгааны үр дүн, туршлагаа солилцож цаашид үр өгөөжтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Хурлын нийт оролцогчдодоо эрдмийн өндөр амжилт хүсэж өгөөж арвин хуралдахыг хүсье.
Хүндэтгэсэн,
МУИС-ХШУИС-ийн захирал Д.БЯМБАЖАВ