Мэндчилгээ

 

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, профессор багш нар,  салбарын мэргэжилтнүүд, Та бүхний амар амгаланг айлтан  мэндчилье.

Монголын мэдээллийн технологийн консорциумаас  санаачлан эхлүүлсэн “Монголын мэдээллийн технологи” эрдэм шинжилгээний цуврал хурал нь мэдээллийн технологийн салбарын судалгаа, инновац, хамтын ажиллагаанд суурилсан үндэсний хэмжээний нэр хүндтэй  эрдмийн индэр болон төлөвшжээ.

Энэ удаагийн хурлыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойн хүрээндээ анх удаа зохион байгуулж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага, цэрэг, иргэний салбарын судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах том боломж гэж үзэж байна. 

Өнөө цагт мэдээллийн технологи, дижитал шилжилт, хиймэл оюун, их өгөгдөл, кибер орчны хурдацтай өөрчлөлт хөгжил нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хүчтэй нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын баталгаа, батлан хамгаалах чадавхыг илэрхийлэх гол хүчин зүйл болж байгааг олон улсын цэрэг, улс төрийн байдал харуулж байна.

Дэлхийн улс орнууд мэдээллийн технологиор ноёрхох, хамгаалах, сөрөн зогсох чадавхаа бэхжүүлэхийн төлөө бүхий л чармайлтаа төвлөвлөрүүлж, үүнд шинжлэх ухаан, технологийн судалгаа, сургалт чиглэх боллоо.

Манай улс ч “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх стратеги”-тэй болох асуудлыг төр, засгийн хэмжээнд хөндөж, салбар бүрийн төлөөлөл багтсан олон талт судалгаа, шинжилгээний ажил явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, тэр дундаа кибер аюулгүй байдлын асуудлыг чухлаар авч үзэж байна.Ийм ч учраас энэ удаагийн хурлын үндсэн чиглэлийг “сөрөн тэсвэрлэх чадавх”-хэмээн тодорхойлсон бөгөөд шинжлэх ухаан, технологийн хөгжил, тэр дундаа мэдээллийн технологийн ололт, амжилт, түүний онол, практикийг уялдуулсан судалгааны үр дүнгээр шинжлэх ухаанд суурилсан үндэслэл, шинэлэг санаачилгад тулгуурласан бодит санал, шийдлүүдийг боловсруулан, хамтын судалгааны санаачилга өрнүүлж, улс орныхоо аюулгүй байдал, дижитал хөгжил, мэдээллийн орчин дахь сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Салбарынхаа хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлт бүрийн төлөө өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, чин сэтгэл, уйгагүй зүтгэлээ харамгүй зориулан ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд талархал илэрхийлье.

“Монголын мэдээллийн технологи-2026” эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, Та бүхний эрдэм судлалын ажил өрнүүн дэлгэрч, шинжлэх ухааны ололт амжилтаар арвин байхыг хүсэн ерөөе!

 

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН

ЗАХИРАЛ, ХУРАНДАА  Т.БУЯНБАТ